Цус тунгалагын эргэлтийн тогтолцооны бүдүүвч
Цус тунгалагын эргэлтийн тогтолцооны бүдүүвч
Зүрх, цусны эргэлтийн судасны тогтолцоо, лимфийн эргэлтийн судасны тогтолцоо, цус бүтээх ба дархлалын тогтолцооны эрхтэн (чөмөг, элэг, тимус, дэлүү, лимфийн булчирхай, гүйлсэн булчирхай, лимфойд зангилаа) гэсэн үндсэн хэсгүүдтэй.
Лекц №1. Зүрх, судасны хөгжил, үлэмж бүтэц
Цусны эргэлтийн системийн түүхэн хөгжил:
- Эгэл биетэн бол дифузын замаар амьсгалдаг.
- Нугаламгүй амьтны төлөөлөгч Нематидэд анх судас булчин бие болж, цус судсаар гүйх боломжтой болсон. Ингэснээр зүрх, цусны битүү систем үүсэх суурь тавигдсан.
- Цусыг эрчимтэй гүйлгэхийн тулд судасны хананд хүчтэй агших чадвартай булчинлаг элемент болох зүрх үүссэн. Энэ бол филогенезийн тусгал юм.
- Эх газрын халуун цуст амьтанд зүрх бие болох явдал маш хүчтэй илэрсэн.
- Мөн ялгаруулах эрхтний үйл ажиллагаа эрчимжиж эхэлсэн:
- Мезонефрос - завсрын бөөр
- Метанефрос - жинхэнэ бөөр
- Пронефрос - анхдагч бөөр
- Амьтны хөдөлгөөний аппаратад тусгай судасжилт бие болсон.
- Судасны ханын бүрхүүлд өөрчлөлт орж 3 давхрагатай болсон.
- Цусны дүрст элемент ялгарч бие болсон.
- Цусны систем нь мэдрэлийн тогтолцоотой их холбоотой болж судасны хананд олон тооны авуурууд үүссэн.
- Үе хөлтөн, дун, хорхой зэрэг амьтад цусны нээлттэй системтэй.
- Нематидэд анх артери, венийн судас бие болсон бол Аннемидэд анх цусны битүү систем бие болсон.
- Ланцетник нэг тасалгаат зүрхтэй, артери вен нь ялгарч хөгжсөн.
- Венийн судас эрхтэн рүү хэзээ ч ордоггүй. Гэвч гэдэс, ходоод, дэлүүнээс гарсан венийн судас эрхтэн рүү ордог (үүдэн вен нь элэг рүү ордог). Үүнийг гайхамшигт тор - retemirabile гэнэ.
- Загасны зүрх бол нэг тосгуур, нэг ховдолтой.
- Хоёр нутагтан нэг ховдол, хоёр тосгууртай, өөрөөр хэлбэл энд цус нь холилддог.
- Мөлхөгчдийн ховдол нь хагас таславчтай, харин хүн ба сүүн тэжээлтэн амьтанд 2 ховдол, 2 тосгуур нь дундуураа бүрэн тасалгаатай байна.
- Заламгайн аппаратын ард тусгай шар уст уутан дотор хэвлийн гол судасны богино хэсгийн булчин бөөгнөрөн хөгжих замаар зүрх бүрэлдэн хөгжжээ. Энэ явцад загасны хоёр тасалгаат, мөлхөгчдийн гурван тасалгаат, сүүн тэжээлтний дөрвөн тасалгаат зүрх аажмаар хувьсан хөгжиж ирсэн байна.
Зүрх, судасны үлэмж бүтэц
Зүрх судасны эргэлтийн эрхтэн тогтолцоо нь бие махбодын шигүү торолсон цусны судас, нарийхан хялгасан судас, судсыг дүүргэж байдаг цус, тухайн тогтолцооны төв эрхтэн болох зүрх зэргээс тогтоно.
Амьтны бие махбодод чухал хэрэгцээтэй шим тэжээлийн бодис болон хүчилтөрөгч нь хоол боловсруулах болон амьсгалын эрхтнүүдээс цусанд орж тэндээсээ цусаар дамжин бие махбодын бүх хэсэгт эдийн шингэнээр дамжин эсэд хүрнэ. Эсийн задралын үр дүнд уураг, өөх, тос, нүүрс-усны задралын бүтээгдэхүүн эдийн шингэнд ялгарч тэндээсээ цусанд орно.
Зүрх - cor
Улаан хүрэн өнгийн конус хэлбэртэй булчинлаг эрхтэн. Зүрхний жин, хэмжээ амьтны нас, хүйс, ажлын ачаалал, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаална. Зүрхний дээд хэсгийг уг, доод төгсгөлийг нь үзүүр гэж ялгана. Зүрх гадуураа үнхэлцгээр хучигдаж хоёр уушигны хооронд орших ба цээжний хөндийд 5-7-р хавирганы тушаа өвчүүнээс 1 см дээш зүүн тийш хэлтийж оршино.
Үүнийг дээд хэсгийн уг, доод хэсгийн үзүүр гэж 2 ангилах бөгөөд хоёр тосгуур, хоёр ховдол бүхий дөрвөн тасалгаатай хөндий эрхтэн юм. Зүрхний тосгуур, ховдлуудыг хооронд нь тусгаарласан булчинт таславчны дагуу тууш, хөндлөн ховилуудыг зүрхний титэм ховил гэх бөгөөд үүгээр зөвхөн зүрхний булчинг тэжээдэг титмийн артери, венийн судас явж өнгөрнө. Хөндлөн ховилоос дээш орших нимгэн ханатай чих хэлбэрийн булчинлаг уут зүрхний баруун, зүүн тосгуур бөгөөд үүний баруун тосгуурт нь урд ба хойд хөндий венүүд ирж цутгах ба зүүнд нь уушигны венүүд ирнэ. Харин зүрхний тосгууруудыг хооронд нь, ховдлуудыг хооронд нь тусгаарласан булчинт таславчны дагуу зүрхний гадна талаар тууш ховил оршдог.
Зүрхний хана гурван үе давхрагатай. Хамгийн дотор талын ханыг эндокард, дунд талын булчинт ханыг миокард, хамгийн гадна талын ханыг эпикард гэж нэрлэнэ. Зүрхний зүүн ховдлоос гол судас гарах ба баруун ховдлоос уушигны артери гарч эдгээрийн уг дээр тал саран клапан байдаг. Зүрхний баруун тосгуур ховдлын хооронд гурван хавтаст хавхлага, зүүн тосгуур ховдлын хооронд хоёр хавтаст хавхлага байрлах бөгөөд эдгээр хавхлагууд нь цусыг нэг чигт явуулах үүрэгтэй болно. Харин зүрхний зүүн ба баруун титмийн артериуд гол судасны угаас гарч зөвхөн зүрхний булчинг тэжээнэ. Зүрхний ханаас бага, дунд, том венийн судас цугларч зүрхний баруун тосгуурт цутгадаг.
Үүнээс гадна зүрхийг байнгын жигд тэгш хэмээр хөдөлгөх гол хэсэг бол зүрхний дамжуулах тогтолцоо болно. Үүнд тосгуурын ба тосгуур ховдлын зангилаанууд, тосгуур ховдлын багц, Пуркинегийн ширхэг хамаарагдана.
Үнхэлцэг - pericardium
Зүрх гадна гадаргуунаасаа үнхэлцгээр хүрээлэгдэх бөгөөд энэ нь гадна, дотно шар уст хуудас ба дунд талын ширхэгэнцэрт хуудаснаас тогтох тусгай уут юм. Эдгээр хуудаснуудын хооронд шар уст шингэн хуримтлагдаж зүрхний үйл ажиллагааны явцад үрэлтийг зөөллөж өгнө. Үнхэлцэгний дотор буюу шар уст бүрхүүлээс зүрхний гадна үе буюу эпикард үүсэж бий болно. Эпикард зүрхний булчинтай холбох эдээр нийлдэг ба зүрхний титэм ховилын тус газрын холбох эдэд нилээд хэмжээний өөхөн эслэг хуримтлагдсан байдаг. Эдгээр хуудаснуудын хооронд их биш хэмжээний шар уст шингэн хуримтлагдсан байдаг нь үнхэлцэгний хуудсуудыг чийглэж, зүрхний ажиллагааны үед үрэлтийг зөөллөж өгдөг. Үнхэлцэг өвчүүний ястай үнхэлцэгний тусгай шандсаар, нугаламтай зүрх рүү орсон судсуудаар холбогдоно.
Цусны судас
Цусны судасны ханын бүтэц нь судасны оршиж байгаа цусны урсгалын нөхцөлтэй байнга тохирч байдаг. Судасны ханыг дотоод, дунд, гадаад гурван бүрхүүл болгож хуваана. Дотоод бүрхүүл нь эндотелээр хучигдана. Эндотелийн доод талд интим гэж нэрлэгддэг холбох эдийн давхрага оршино. Дунд бүрхүүл нь углуурга маягтайгаар нэг нэгэндээ орсон олон тооны уян хальснаас тогтоно. Харин гадаад бүрхүүл нь хөвсгөр холбогч эдээс тогтоно. Том судасны гадна бүрхүүлд судасны ханыг тэжээдэг жижиг судас салбарлана. Дунд зэргийн буюу жижиг артерийн дунд бүрхүүлд уян ширхэг бага, харин булчингийн ширхэг элбэг байдаг тул тэдгээр нь булчинт бүтэцтэй судсуудад хамаарагдана. Холимог бүтэцтэй артерийн дунд бүрхүүлд гөлгөр булчингийн ба уян ширхэгүүдийн аль аль нь байдаг. Харин венийн судаснуудын хана арай зөөлөн нимгэн байх бөгөөд булчинт давхрага нь сул хөгжсөн байдаг. Венийн судасны хана артерийнхтай нэг адил нэг давхар ханатай байх боловч зарим венийн судас тал саран хавхлагатай байдаг. Ийм хавхлага хөлийн венд маш олон байна. Харин харьцангуй зүрхэнд ойр орших том венүүд хавхлагагүй байдаг. Венийн судасны гадна бүрхүүл хамгийн сайн хөгжсөн байна. Артери, венийн судасны хооронд маш нарийн диаметр бүхий хялгасан судасны тор бий болсон байдаг. Хялгасан судасны хана нь маш нимгэн, нэвтрүүлэх чанараар илүү сайн байдаг.